Өнөөдрийн зочинтой танилцсан минь 2006, 2007 онд дөнгөж оюутан болж байсан үе. Японд хамт суралцаж байсан үеийн залуустайгаа нийлж бичсэн “Өөрийгөө хөгжүүлье” ном нь миний “нүдийг нээж”, оюун санааны хөгжилд том үсрэлт авчирсан болохоор энэ хүнийг ихэд хүндэлж, сонирхолтой чанартай нийтлэлүүд бүхий блогийг нь байнга уншдаг байлаа. Тэрээр энэ үед Японы хамгийн том компаниудын нэг Софтбанкинд санхүүчээр ажиллаж байв. Ингээд 2010 онд Монголдоо ирээд хувийн бизнес эхлүүлэхэд нь дөнгөж сургуулиа төгсөөд байсан би “Тантай хамт ажилламаар байна” хэмээн компанид нь орж, удирдлагад нь хоёр жил гаруй ажиллахдаа ихийг сурсан билээ. Тэр бол Монголын уул уурхайн хамгийн том гүйцэтгэгч компани болох “Хишиг Арвин Индустриал”-ын Бизнес хөгжил хариуцсан дэд захирал М.Тулгат. Өдгөө 500 орчим ажилтантай энэ том компанийн өдөр тутмын менежментийг хийн, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд бие сэтгэлээ зориулан ажиллаж явна.

Байршил: Монгол, Улаанбаатар
Одоо хашиж буй ажил, албан тушаал: Хишиг Арвин Индустриал” ХХК-ийн Бизнес хөгжил хариуцсан дэд захирал
Сонгуульт: Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд даргаХэрэглэдэг гар утас: iPhone 6S
Хэрэглэдэг компьютер: Macbook Pro 13′
Таны ажлын арга барилыг цөөн үгээр тодорхойлбол: Хамгийн үнэ цэнэ өндөртэй, зөвхөн өөрийн чадах ажлыг ялгаж хийх
Сошиал хуудсууд: Майнбаярын Тулгат (фэйсбүүк), @tulgatmn (твиттер)

ТАНЫ АЖЛЫН ХАМГИЙН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Хүн бүр л завгүй болсон орчин үед хариуцлагатай ажил алба эрхэлж байгаа хүмүүсийн хувьд яг одоо хийх ажил гээд жагсаавал өчнөөн юм гарна. Гэхдээ ер нь ихэнх ажлын 95 хувь нь харьцангуй механик, өөрөөр хэлбэл арга барил, чиглэлийг нь тодорхой болгоод өгчихвөл бол харьцангуй хялбар шийдэгдэх ажлууд байдаг. Харин 5 хувь нь бүтээлч ажиллагаа шаардлагатай, чимхлүүр, хариуцлагатай, чи өөрөө л хийхгүй бол өөр хүн хийж чадахгүй ажил байдаг. Тэгэхээр тэр 5 хувьд нь, магадгүй 1 хувьд нь хэрхэн төвлөрч ажиллах вэ, тэдгээрийг хэрхэн зөв тодорхойлж, эрэмбэлэх вэ гэдгийг чухалчилж, анхаарч ажилладаг.

Мөн аливаа зүйлийг үргэлж эергээр бодож хүлээж авдаг маань өөрт ч мэдэгдэхгүйгээр сайнаар нөлөөлдөг гэж боддог. Ямар ч асуудал, бүтэлгүйтэл тохиолдлоо гэсэн үхэхээс бусад нь бол бүгд сорил шалгуур. Аливаа таагүй зүйл тохиолдоход би давах ёстой даваагаа даваад, туулах ёстой замаа туулаад явж байна даа гэж бодож хүлээж авдаг. Энэ нь нөгөө талаас байгаа боломжуудыг олж харах нөхцөл болдог байх.

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?

Компьютер дээр бизнесийн түгээмэл хэрэглээ болох Word, Excel, Powerpoint гурвыг их ашиглана. Эксел програмаар Монголд тэмцээн гэж болдог бол дээгүүр байр эзэлж мэдэх юм шүү. Компьютер дээр shortcut буюу товчлол их ашигладаг. Дундаж хүнээс магадгүй 10 дахин хурдтай ажилладаг байх. Харин сүүлд Mac компьютер авснаас хойш үйлдлийн бүтэц нь солигдоод хурд буурчихаад байна. Гэхдээ өнөөгийн байр сууриа бодвол өөрөө эксел дээр тооцоо хийж, механик ажилбартай зууралдаж суухаас илүү доор ажилладаг залуусаараа хийлгэх нь зүйтэй тул нэг бодлын зүгээр ч юм шиг.

Гар утсан дээр календарийг ашиглан уулзалтуудаа тэмдэглэнэ. Фэйсбүүкээр чөлөөт цагийн байдлаар мэдээлэл авна. Facebook Messenger, Viber, WeChat зэрэг харилцааны холбооны апп-уудыг ашигладаг.

ТА АЖЛЫН ӨРӨӨ, АЖЛЫН ОРЧНОО ДҮРСЭЛНЭ ҮҮ?

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Удирдлага дор байгаа хүмүүстээ ажлыг даалгаж, хуваарилах нь өөрт байгаа цагийг хамгийн ихээр хэмнэж, илүү бүтээлч байх, үнэ цэнэтэй зүйлсийг хийх боломжийг олгоно гэж боддог. Удирдах албан тушаалын хүн өөрөө ажилтайгаа зууралдаад байвал дээшлэхгүй. Үүнийг ажлаас зугтахтай хольж хутгаж болохгүй. Биеэ оторлодог, бусдад ажил өгөөд хаячихдаг хүмүүс бас хаа газар байдаг. Хоёр өөр зүйл. Ажлыг зөв хуваарилж, тодорхой зааварчилгаа өгч, мэдэхгүй зүйлс дээр нь заагаад явах хэрэгтэй. Менежер хүнийг симфони хөгжмийн удирдаачтай зүйрлэж болно. Удирдаач хүн өөрөө хөгжим бариад дарах бус, олон хөгжимчнийг удирдаж тэдний хүчээр уран яруу аялгууг бий болгодог шүү дээ.

ТА ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР ХӨТӨЛДӨГ ВЭ?

Би алгын чинээ хар дэвтэр яс хөтөлдөг. Тухайн өдөр хийсэн зүйлсээ, хүнтэй ярилцсан бол юу ярьснаа тэмдэглээд явдаг. Ер нь өдрийн тэмдэглэлэрхүү. Харин яг хийх ажлуудаа (task) наадаг цаасан дээр тэмдэглээд энэ дэвтэр дотроо нааж, хийж гүйцээсэн ажлуудаа дараад явдаг. Учир нь ойр зуур хийх зүйлсээ дэвтэр дээрээ бичихээр хэрэгтэй хэрэггүй зүйлсээр амархан дүүрчихнэ. Өөрөөр хэлбэл наадаг цаас бол миний богино хугацааны санах ой, дэвтэр маань урт хугацааны санах ой юм. Нэг хар дэвтэр маань нээгээд яг нэг жил болоод дуусдаг нь сонин шүү.

Мөн имэйл бол нэг төрлийн хийх ажлын жагсаалт болдог. Хүмүүс утасдаад төрөл бүрийн зүйл хүсдэг. Тэр үед нь наадахаа имэйлээр явуулчих гэдэг юм. Имэйлээр ирсэн зүйлсийг мартахгүй. Харин надтай мессенжер, фэйсбүүкээр ажил ярьсан тохиолдолд заримдаа мартчихаад байх нь бий.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Түрүүнд хэлсэнчлэн Word, Excel дээр ажиллах зэрэг механик ажлуудыг түвэггүйгээр хурдтай хийдэг. Их сургууль төгсөөд Софтбанкинд баримт бичиг бэлдэх, тайлан тооцоо гаргах зэрэг ажилд таван жил нухлуулсан минь энэ төрлийн ажлыг хийх технологид намайг сургасан байх. Тухайн үед дандаа л илүү цагаар, маш их ажилладаг байлаа.

Мөн багадаа ном их уншдаг байсных уу, манай удамд бичгийн талын улс их байсных уу, юм бичихдээ давгүй гэж боддог. Энэ чадвар маань бичиг баримт боловсруулах, албан харилцаа явуулахад хэрэг болдог.

Дунд сургуульд математикийн гүнзгий ангид сурч, мэдээлэл зүйн олимпиадад ордог байсан маань юмыг задлан шинжилж, логикоор сэтгэх суурь болсон гэж боддог. Эдгээрийн тусламжтайгаар л ажлаа нугална даа.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫНХАА ОНЦЛОГООС ХУВААЛЦАНА УУ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД НЬ ЮУ ВЭ?

Манай компани анх гэр бүлийн жижиг компани байж байгаад тодорхой чиглэлийг барьсан нь амжилт олж, өргөжиж эхэлсэн. 50, 100 ажилтантай байхад үүсгэн байгуулагч, захирал хүн хянаж удирдаад явж болдог бол 300, 400 ажилтантай болоод ирэхээр ингэх нь бэрхшээлтэй. Энэ үед дунд шатны менежерүүдийн үүрэг роль маш өндөр болж ирнэ. Дээд удирдлага бол дунд шатны удирдах ажилчидтай харьцаж, тэднээр дамжуулан нийт компанийг удирдах учир. Мөн үйл ажиллагаа, шийдэх асуудал их болж, хүн ердийн гүйлгээ ухаанаар тэр бүхнийг зохицуулж шийдэж явахад хүндрэлтэй. Тиймээс үйл ажиллагааны нарийн зохицуулалтуудыг цаасан дээр буулгаж, журам болгож, системчлэх ёстой болдог. Энэ систем хэрвээ сайн тавигдвал тэр компанид Тулгат байна уу, Батаа байна уу хамаагүй, өөрийнх нь онцлог бүхий соёл хөгжөөд явна. Питер Дракер “Компани бүх зүйлсээ аутсорс хийж болно. Компанид өөрт нь үлдэх ганц зүйл бол компанийн ДНХ” гэж хэлсэн байдаг. Компанийн соёл, түүнийг тээж буй гень. Иймэрхүү зүйл дээр түлхүү ажиллаж байна.

Хурдтай томорч шинэ салбаруудад орж буй, 500 хүнтэй, хэдэн зуун машин техниктэй компани дээр зохицуулах ажил, шийдэх асуудал маш их. Аж ахуйн ажил гэдэг барагдахгүй. Эерэг тал нь манай компани улс орны эдийн засагт чухал нөлөөтэй том уурхайн төсөл дээр ажиллаж байна. Олон айл өрхийн амьдралыг залгуулж байна. Тэр хэрээрээ их сонирхолтой ажил. Янз бүрийн бэрхшээл бол байна аа, гэхдээ бүгд цаг хугацааны л асуудал. Бүгд шийдэгдэнэ.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА?

Манай компани одоогоор Эрдэнэс Таван Толгойн (ЭТТ) уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил хийж байна. Баруун цанхийн уурхайд нь 3 жилийн өмнө тендер зарлагдахад шалгараад түүнээс хойш энд гол хүчээ төвлөрүүлэн ажиллаж байгаа. ЭТТ-н Зүүн, Баруун Цанхи гэж яриад байдаг, үүн дээр жаахан ойлголт өгсөн нь зөв болов уу. Зүүн, Баруун Цанхи, орон нутгийн буюу жижиг Таван Толгой, Энержи Ресурс зэрэг нэршил, газрууд бол үндсэндээ тэнд буй нүүрсний томоохон бассейн, түүний салбар хэсгүүд юм. ЭТТ бол монгол хүн бүр 1072 хувьцаа эзэмшдэг төрийн өмчит компани. Хамгийн том орд газар нь гэж ойлгож болно.

ЭТТ дотроо зүүн, баруун гэж хоёр хуваагддагийн Зүүн Цанхид нь Австралийн МакМахон компани гэрээгээр ажиллаж байсан ч тухайн үеийн засгийн газар Эрдэнэс Таван Толгойгоор дамжуулан Хятадын Чалкогоос 300 сая доллар зээлсэн учраас өндөр өртгөөр олборлосон нүүрс нь Чалкогийн өрөнд хямдхан явчихаад огт ашиггүй ажиллах болсон. Энэ үед Зүүн Цанхийн олборлолтыг зогсоож, тэр хооронд Баруун Цанхи дээр дотоодын компаниудын дунд тендер зарлахад манайх шалгарсан юм. Хямд өртгөөр, сайн чанартай нүүрс олборлож эхэлсэн нь ЭТТ-н хувьд таатай хэрэг болсон. Тэр хооронд МакМахон компани Зүүн Цанхийн гэрээгээ зарж Монголоос бүрмөсөн гарсан. Оронд нь орж ирсэн хөрөнгө оруулагч компани нь ЭТТ-той ойлголцолд хүрч, Зүүн Цанхийн үйл ажиллагаа сэргээд байгаа. Манайх Баруун Цанхи дахь ажлаа дуусгаад одоо Зүүн Цанхи дээр TTJVCO компанийн гэрээт олборлогчоор ажиллаж байна.

Баруун Цанхийн бизнес моделийг төрийн өмчит компаниудад хэрэгжүүлэх нь оновчтой гэж боддог. Төр аж ахуйн жаран чавганцын ажилтай зууралдаж байхаар тендер зарлаад хувийн компаниудыг оруулаад үндсэн даалгавраа өгч, үйл ажиллагаанд нь хяналт тавиад явах хэрэгтэй. Төрийн өмчит зарим уурхайнууд хөрөнгө оруулалт нэмж татан өргөжих гэж байгаа дуулдсан. Төрийн ажилд шахааны машин техник, шахааны хүмүүс орох эрсдэл өндөр, үгүйдээ л тийм хардлага их. Нийтийн өмч хөрөнгө, нийтийн ажил тул удирдлагынх нь ч, ажилтнуудынх нь ч сэтгэхүй хувийн хэвшлээс өөр. Уул уурхай хямарч Монголоор дүүрэн ашиглагдахгүй байгаа машин техник байхад төрийн уурхайнууд мөнгө үрж, шинийг авах нь оновчгүй. Хувийн компаниудыг ажиллуулаад л, чадахгүй бол дараагийнхаар нь солиод явчихвал хувийн хэвшлээ ч дэмжсэн хэрэг болно. Төр өөрөө бизнест хязгаартай оролцож, нөгөө яриад байдаг “Ухаалаг төр” рүүгээ дөхөх юм.

Яг одоо гол төвлөрч ажиллаж буй зүйл маань Оюу Толгойн далд уурхайн тендер. Манайх уул уурхайн дэлхийн хамгийн том гүйцэтгэгч компани Thiess-тэй (хуучнаар Leighton) хамтран энэ тендерт оролцож байгаа. Манай хувьд Монголдоо хамгийн том гүйцэтгэгч компани. Тендерийн сүүлийн шатанд 2 компани үлдсэний нэг нь манай хамтрал. Ялах магадлал өндөртэй байгаа. Хэрвээ ялчихвал далд уурхайд ажиллах Монголын анхны компани болж, дэлхийн том компаниас их зүйлийг суралцана. Нэр төрийн хэрэг болно.

АНЗААРААД БАЙХАД ТА НИЙГМИЙН АЖИЛД ИХ ИДЭВХТЭЙ ОРОЛЦДОГ. ЭНЭ ТАЛААРАА ЖААХАН ДЭЛГЭРҮҮЛЖ ЯРИХГҮЙ ЮУ?

Энэ чиглэлд одоо гол ажил маань Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчийн хурлын ажил. Хорооныхоо иргэдийн өргөдөл хүсэлтийг шийдэхийг нь шийдэж, цааш уламжлахыг нь уламжилж, сардаа 1-2 удаа дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд сууж шийдвэр гаргахад оролцдог.

Манай удмынхан ер нь их нийгмийн идэвхтэй хүмүүс. Аав минь ардчиллын үйл хэрэгт анхнаас нь оролцож өнөөг хүртэл явж байна. Аавын минь төрсөн дүү бол ардчиллын дууч, сэтгүүлч “Хонхын” Цогтсайхан. Тийм ч учраас манай гэрийнхний хувьд ардчилал гэдэг нандигнан хайрладаг үнэ цэнэтэй зүйл. 25 настай Монголын ардчилалд ололт ч бий, алдаа ч бий. Зарим хүмүүсийн туйлшраад байдаг шиг бүх л юм болохгүй бүтэхгүй байгаа юм биш. Гэхдээ мэдээж энэ систем өөрөө эмзэг, сайн тордож арчлахгүй бол буруугаар эргэж уруудах ч аюултай. Ийм ийм шалтгаанаар би өөрийгөө ардчиллын манаанд зогсох ёстой гэж боддог. Өөрөөсөө нийтийн төлөө ажиллахад бэлэн үү гэж асууж, хэзээд нийгмийн төлөө зүрх сэтгэлтэй явсан гэр бүлийнхээ залгамж чанарыг үргэлжлүүлэхийг хүсдэг юм.

ТА ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАЖ ЗӨВЛӨГӨӨ ХЭЛНЭ ҮҮ?

2 зүйл хэлэхийг хүсэж байна. Нэгдүгээрт, аливаа зүйл үр дүн гарах хүртэлх хугацаа урт байдгийг санах. Би 10 жилдээ 33-р сургуульд сурч байгаад 8-р ангиасаа 1-р сургуулийн тооны сонгонд шилжин суралцсан юм. Соц үед улсын тэргүүний сургууль байж байгаад зах зээлд шилжмэгц сургалт нь их муудсан сургуулиас хотын төвийн шилдэг сургуульд ороход ангидаа илт хоцорч, тоо бодох байтугай хүүхдүүдийн бодолтыг нь хараад ойлгохгүй балмагдаж байлаа. Тэгээд л өөрийгөө дайчилсан. Шөнө 2, 3 хүртэл хичээл хийдэг, өглөө эрт босоод сургуульдаа явдаг, нэлээд ачаалалтай үзсэн дээ. Тэгж байтал нэг л өдөр өөрийгөө сайжирч байгааг мэдэрдэг, “цоордог” юм билээ. Геометр огт ойлгодоггүй байж байгаад 7-р ангийн геометрийн номыг нэг өдөр уншиж эхэлтэл бүр уран зохиолын ном шиг амтанд нь орж, тэр дор нь “уншиж” дуусгаад, удалгүй геометртоо сайн болсон. Дараа нь гэнэт л нэг өдөр мэдээлэл зүйн хичээлд сонирхолтой болж, хотын олимпиадад оролцоод үзтэл 2-р байранд орчихсон. Тэгэхээр хүнд өөрийнх нь хөгжил сайжрал илт мэдрэгдэх үе гэж байдаг юм шиг байгаа юм. Нэг түвшинд хүрээд зогсонги байгаа юм шиг хэрнээ тодорхой хугацааны дараа үр дүн мэдрэгдэж, энэ цикл дахин дахин үргэлжилдэг юм шиг санагддаг. Мичнээс хүн болох хувьслын явцад 4 хөллөж явдаг байж байгаад 2 хөл дээрээ зогссон тэр үе маш зурвасхан, богино хугацаа байсан гэдэг. Түүнээс өмнө олон зуун мянган жил турш хүний 2 хөл дээрээ босох бэлтгэл хийгдсэн байж. Яг л түүн шиг. Өөрийгөө дайчилбал тодорхой хугацааны дараа үр дүн гарна гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. Амьдрал дээр хүмүүс хичээж яваад яг үр дүн гарахын наахна шантарчихаад байдаг тохиолдол олон байдаг.

Хоёрдугаарт, залуус маань хариуцлага хүлээхээс битгий зугтааж байгаарай. Ачааны хүндийг үүрэх, асуудалтай улаан нүүрээрээ тулах амаргүй ч өөрийгөө хөгжүүлье, карьераа өсгөе гэвэл хийх л ёстой зүйл. Алдвал хариуцлагаа зоригтой хүлээ. Алдаа гаргачихаад “уучлаарай” гээд хэлчихэж чаддаггүй хүн манайд олон байдаг нь харамсалтай.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМД ДУРТАЙ ВЭ?

Бараг үгүй. Машин дотроо бол хөгжим тавих дуртай. Манай залуучууд миний машинд суухаараа та ёстой бүх төрлийн хөгжим сонсдог юм байна ш дээ гэдэг. Уртын дуунаас аваад хип хоп дуунууд ч бий. Ер нь нэлээн залуулаг, орчин үеийн хөгжимд илүү дуртай болов уу. Өглөө ажилдаа явахдаа машиндаа хөгжмөө чангалаад явахаар сайхан байдаг.

ТАНЫ СҮҮЛД УНШИЖ ДУУСГАСАН БОЛОН ОДОО УНШИЖ БУЙ НОМ?

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн “30 секунд” гэсэн 9 боть номыг танилцуулж хэлмээр байна. Эдийн засаг, шашин, философи, хими зэрэг салбарын ойлголтуудыг 30 секундэд тоймлож ойлгохоор, гүнзгийрүүлж үзье гэвэл цаашид хэрхэх хэрэгтэйг зааж өгсөн сайхан ном. Непко паблишингаас 6-р сард эрхлэн гаргах энэ номыг манай компани ивээн тэтгэж байгаа юм. Би номын өмнөх үгийг бичихдээ ерөнхийд нь уншиж танилцсан.

Ер нь ном гэдэг сайхан зүйлтэй ойрхон явдагтаа баярладаг. Япон сурч байхдаа гадаадад сурдаг оюутнуудын ЭМОС клубийг үүсгэн байгуулалцаж, “Өөрийгөө хөгжүүлье”, “Мэргэжлээ сонгоход тань”, “Амжилтад хүрэх гал эрмэлзэл” зэрэг номуудыг хамтран зохиолцож байсан минь одоо ч шинэ номуудаар баяжсаар байдаг. 26 настай байхдаа мөн “Бусгаар тогтносон Монгол” нэртэй өөрийн нийтлэлийн номыг гаргаж байсан. Бас “Бэнжамин Франклин: Миний намтар” номын редактороор ажиллаж байлаа. Эдгээр номыг залуустаа зөвлөе.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ЯАЖ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй талдаа болов уу. Гэхдээ тийм сүрхий яриа ч бас биш л дээ. Хүнтэй нээлттэй харилцдаг гэснээс би ер нь хүмүүсийг аль болох сайн талаас нь харж, итгэх хандлагатай байдаг. Ер нь тас хар, эсвэл цав цагаан хүн гэж байдаггүй. Тухайн орон зай, цаг хугацаанаас, сэтгэл санааны байдлаас хамаарч хүн харилцан өөр үйл хөдлөл хийнэ, шийдвэр гаргана. Харин хүнд итгэж, сайн талаас нь харж, хүндэлж харьцсанаар эргээд ихэнх тохиолдолд хүний сайн чанарыг уудлан гаргаж болдог юм шиг санагддаг шүү.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ? 

Голдуу л 12.30-6.30 цагийн хооронд унтаж байх шиг байна. Дунджаар 6 цаг унтдаг. Ер нь 7-гоос их цаг унтаж чаддагүй сэрчихээд байдаг юм. Японд ажилдаа их эрт хурдан галт тэргээр явдаг байснаас үүдэж бий болсон дадал болов уу.

Өглөө сэрэхтэй холбож хэлэхэд Монголд аливаа ажил, үйлчилгээ их оройтож эхэлж байна. Санаагаар болдог бол өглөө эрт олон ажил амжуулмаар. Гэтэл ядаж л дэлгүүр, цайны газар гэхэд энэ том хотод хуруу дарамхан. Эртэч хүмүүст жаахан “халгаатай” нийгэм гэмээр ч юм шиг.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Сүүлийн үед өөртөө амралт, чөлөө цаг сайн гаргаж чадахгүй л байна. Уг нь хүн ажил амьдралын балансаа бариад явбал сайн. Энэ тал дээр би жаахан буруу жишээнд орчих гээд байж магадгүй. Ямар ч байсан хагас бүтэн сайны аль нэгэнд гэр бүлийнхэндээ цаг гаргахыг хичээдэг. Тийм үед голдуу гэртээ л байдаг.

Хөдөлгөөний дутагдалд орчихоод байгаа тул сүүлийн үед өглөөдөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйж байгаа. Нэг тойрчихоод ирдэг юм.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Өглөө бүр л эрч хүчтэйгээр босдог. Жижиг бэрхшээлүүд байнга л гарч байдаг ч бодсон төлөвлөсөн зүйлс маань алхам алхмаар урагшилж, үр дүн нь эхнээсээ харагдаж байдаг болохоор тэгдэг байх. Ер нь ямар ч ажлын үр дүн пал гээд гэнэт гарчихгүй. Бодсон санасан зүйлс хэрэгжихгүй сэтгэлээр унах үе гарна. Компанийн хуучин арга барилыг халах амаргүй. Юу юугүй шуудхан нураагаад явчихаж болдоггүй. Бүх юм алхам алхмаар явна. Тиймээс тэвчих үедээ тэвчээд, эвлэрэх зүйл дээр эвлэрээд урагшаа явахаас өөр аргагүй. Тэвчээртэй талдаа хүн гэж боддог.

За тэгээд сайн ханьтай, хоёр сайхан хүүхэдтэй, олон найз нөхөд, ажлын хүмүүсээр хүрээлүүлж хайрлуулдагтаа өөрийгөө их азтайд тооцож, түүнээсээ урам зориг авдаг. Энэ бүхэн аав ээж, эцэг өвгөдийн буян заяа юм болов уу гэж боддог шүү.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ?

Хүн хамгийн том тулалдаанд ялахын тулд олон жижиг тулаанд ялагдал хүлээдэг гэдэг үгийг байнга санаж явдаг. Дунд сургууль төгсөөд их сургуулийн элсэлтийн шалгалт өгөх үедээ би гэдэг хүн чинь мэдээлэл зүйн улсын олимпиадын хүрэл медальтай, онц сурлагатай, өөртөө итгэлтэй сурагч байлаа шүү дээ. Гэтэл МУИС-ийн Эдийн засгийн факультетэд шалгалт өгөөд улаан шугамнаас доогуур орчихсон. Зунжингаа сэтгэлээр уначихаж билээ. Тэгээд олимпиадад амжилт гаргасан гэдгээрээ урилгаар МУИС-ийн МКС-д элсэж, нэгдүгээр курстээ өөрийгөө их дайчилсан даа. Ер нь л гадагшаа явж суръя гэж шийдсэн. Тэгсээр 1-р курс төгсөх зун Японы засгийн газрын тэтгэлэгт шалгалт өгөөд тэнцсэн. Хэрвээ би МУИС-н эдийн засагт түвэггүй орсон бол Япон явж чадахгүй л байсан. Яг тэр үед энэ үгийг сонсоод их урамшиж байсан юм.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫНХ НЬ АРГА БАРИЛЫН ТАЛААР МЭДМЭЭР БАЙНА?

АПУ компанийн санхүү хариуцсан захирал Б.Түвшин, Хаан банкны үйл ажиллагаа эрхэлсэн захирал Н.Түвшинжаргал гэсэн хоёр залуугийн ажлын арга барилтай танилцвал сонирхолтой байх болов уу. Тэдэнтэй өнгөрсөн жил Харвардын сургалтын үеэр танилцсан юм. Даруухан хэрнээ чухал хариуцлагатай ажил хийж яваа ирээдүйтэй сайхан залуус.