Миний аавын аав Лавдангийн Сосорбарам Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин засгийн хошуу, одоогийн Булган аймгийн Тэшиг сум, Тавтын Улаан толгойн өвөрт төрсөн. Эг, Эрэнгийн голоор нутагладаг байж. Ерээд онд монголчууд ургийн овгоо сэргээх үед “Эрэн” гэдгээр авсан боловч, бүртгэлийн хүний алдаанаас болж “Эрин” болсон юм билээ. Өвөөгийн маань аав нутаг усандаа нэр хүндтэй Наваан-Осор гэж аграмба цолтой лам хүн байсан. Хувьсгалын жилүүдэд цаг үе цөвүүн байсан учир сургууль соёл бараадах үедээ ааваараа биш, ахаараа овоглосон юм билээ. 

Тэшиг сум буриадууд ихтэй, харин өвгөд дээдэс маань Халхын Гөрөөчин отгийн улс байсан. “Долоон модны гөрөөчин”, “Ар модны гөрөөчний” домгоор алдартай. Эмээ минь буюу аавын ээж Жалцавын Лхамсүрэн одоогийн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн байв. Гурван Борхуудын энгэрт Хатанбаатар Магсаржавынхтай айл саахалт нутаглаж байсан гэдэг. Өвөө, эмээ хоёр маань Хантайн бага сургуульд танилцсан. Өвөө монгол хэл, уран зохиолын багш, эмээ түүх газарзүйн багшаар насаараа ажилласан. Өвөө маань багшлахаас гадна, “Пионерийн үнэн” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан. Орчуулгын ном бас гаргаж байв. Эмээ маань Монгол телевизийн хүүхдийн нэвтрүүлгийн редактор, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн хүн байсан. 

Нөгөө талын өвөө минь буюу ээжийн аав Цэрэнгийн Бат-Очир, Түшээт хан аймгийн Түшээт ханы хошуу, одоогийн Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул хүн байсан. Их, бага Бэрх, Авзага, Хөгнө хан гээд уулс хайрхдаар нутагтай. “Хиюүд Хорчин” овогтон. Өвөөгийн ээж нь Цэрэнхүү гэж нутаг усандаа алдартай сайхан бүсгүй, “Жүмийн 15” гэж алдаршсан ах дүү арван таван хүүтэй айлаас мэндэлсэн ганц охин нь. “Жүмийн 15” гэдэг нь бас тэрчигээрээ домог. Ах дүү гурван баян, ах дүү лам нар, уран дархан, шилийн сайн эр Хоовон хөх, улаан хувьсгалч гээд л… Тайж хэргэмтэй, язгуур угсаатай, мал хөрөнгөтэй айл байсан учир говьд өртөө улааны албанд дайчлагдаж байжээ. Энэ албан үүргээс ангижрахын тулд Богдын шавь болж, Дамбадаржаагийн хийдийн дээврийг алтан шармал болгох нөхцлийг биелүүлсэн байдаг. Бат-Очир өвөө маань дайны дараа 35 нас гарсан хойноо МУИС-ын эдийн засагт суралцаж төгсөөд насаараа санхүү, аж ахуйн албанд ажиллаад, хожим Улсын хэвлэх үйлдвэрийн орлогч дарга хийж байгаад тэтгэвэртээ гарч байсан. Үндэсний бөх судлаач, хорхойтон хүн байсан. Төв архивт сууж, Ардын хувьсгалаас хойшхи болон өмнөх наадмууд, Даншиг наадам, Арван засгийн наадам, Ардын хувьсгалын баяр наадмын барилдааны дүнг нэгтгэн эмхтгэж олон бүтээл туурвил гаргасан нь (“Үндэсний бөх 70 жилд”, “Үндэсний бөх 60 жилд”, “Хурдан морь 60 жилд”, “Бадаргуулт төрийн эрийн гурван наадам” гэх мэт) одоо ч бөх судлаачдын эш татдаг түүхийн эх сурвалж болсон байдаг. 

Ээжийн ээж Мажиг эмээ маань намайг төрөхөөс өмнө өнгөрсөн. 2-р эмнэлэг, 1-р төрөх зэрэг газар сувилагч байсан. “Хөгнө сумын хөөрхөн Мажиг” (Дорнод аймгийн Сэргэлэн сум) гэдэг бүсгүйг чөлөөлөх дайны офицер байсан өвөө маань эхнэрээ болгоод хотод дагуулан ирж байсан юм билээ. Өвөө эмээ хоёр маань охиныхоо охиныг өргөж авсан нь миний ээж Бат-Очирын Оюун-Эрдэнэ.

Миний аав С.Майнбаяр 40 мянгатад буюу одоогийн “Их дэлгүүрийн” зүүн талын Г үсэг шиг хэлбэртэй байранд бага насаа үдсэн. Дүү нь буюу миний хувьд авга ах С.Цогтсайхан маань хожмоо “Хонхны Цогтсайхан” гэж алдаршсан сэтгүүлч, уран бүтээлч, хувьсгалч хүн байсан.

Аав маань МУИС-ийн физикийн ангийг төгсч, физикийн багшаар ажиллаж байгаад Ардчилсан хувьсгалд оролцсон хэрэгтэй, ажлаасаа халагдаж, түүнээс хойш хувийн болоод улсын алба ажил эрхэлж байсан. Үйлчилгээний гавъяат ажилтан. Сүүлд Нийслэлийн геодези, усны барилга байгууламж ОНӨҮГ-ын дэд захирал, Баянзүрх дүүргийн засаг даргын зөвлөх хийж байгаад тэтгэвэртээ гарсан.

Миний ээж Эмгэг судлалын үндэсний төвд эмгэг судлаач эмч, тасгийн эрхлэгч, дэд захирал зэрэг ажил эрхэлж байсан. Одоо Интермэд эмнэлэгт ажилладаг. Хүний гавъяат эмч.

Ийм өвөө эмээ, аав ээжийн гэр бүлийн орчинд, “Сансар” буюу “Микрт” төрж өссөн билээ. Газар дээр ганц эгчтэй. Эгч М.Тэмүүлэй маань Японы Доошиша их сургуулийг боловсрол судлалын магистраар төгссөн, ЖАЙКА-гийн төсөлд ажилладаг.