Тулгат миний бие 1978 онд залуу багш, эмч хоёрын гэр бүлд төрж, Сансарын “Микрт” (Баянзүрх дүүргийн 3-р хороо) өсч торнисон. Дээрээ ганц эгчтэй. “Баатар хот Москвагийн нэрэмжит, улсын тэргүүний” тодотголтой 33-р дунд сургуульд элсэн орж, социализмын шувтарга болсон он жилүүдийг хүүхэд ахуй насандаа үзсэн. Баатарчууд, пионер, бүлгэмийн зөвлөл гээд л. Манайх одоогийн Чингис зочид буудлаас зүүн дээш Туннелээр өгсөх 5 давхар байшинд байлаа. Туннел дээр чаргаар гулсаж, “Сансарт” найзуудтайгаа кино үзэж, ДСНК-гаар зугаалж, Сэлбэ гол орчимд чулуугаар байлдаж явав. Микр бол тухайн үедээ хотын хамгийн гоё хороолол, Улаанбаатар хотын нүүр царай болдог байлаа. Манай орцонд Ардын жүжигчин Сувд гуайнх, Улс төрийн товчооны гишүүн Шарав гуай, түүний гэргий хөгжмийн зохиолч Мааяа гуай (“Сайн уу муу юу аль нь вэ хө” гэх мэт олноо алдаршсан бүтээлүүдтэй), хотын дарга буюу Ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны дарга Лантуу гуай, Ардын зураач Чогсом гуай, ХАА-н эрдэмтэн Арвий гуай гээд нэр алдартай хүмүүс амьдарч байсан. Гэхдээ л нийгэм нийтээрээ тэгш ядуувтар, хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Байрны гадаа тавиастай хувийн машин ердөө хоёр гурав. Суурин утастай айл цөөхөн учир гаднаас дуудлага ирэх бүрт дээд доод давхар руу гүйж дуудна.

Нэг хэсэг шатраар хичээллэж “Оюунтүлхүүр” сэтгүүлийн нэрэмжит тэмцээнд жил бүр эхний 3 байрын нэгэнд ордог болов. Томчуудыг хожиж гайхуулна. Тэгж байгаад шатраа гэнэт орхисон. Ном их уншина. Гэртээ цаасаар элдэв юм урлаж хийх, зурган ном хийх гэх мэт тоглох дуртай. Эгчтэйгээ хамт байрны хүүхдүүдтэй, сургууль дээрээ ангийнхаа хүүхдүүдтэй тоглож наадна. Мах, сүү, талх гээд юм болгон л олдоц хүрэлцээ муу, очертой. Заримдаа 4-5 цагаар очерлоно. Хүүхдүүд бид очерт дайчлагдана. Лав л үеэл дүүгээ төрсний дараа хүүхдийн сүүнд өдөр бүр 3-4 цаг очерлодог байсан. Хүүхэд насны тоглох, сурах, хөгжих хамаг цагаа очерт зогсож өнгөрөөсөн гэмээр.

Өвөө минь Улсын хэвлэх үйлдвэрийн орлогч дарга байв. Өвөөгөө дагаад үйлдвэрт нь очих дуртай. Тэр үеийн бүх ном хэвлэл үндсэндээ энэ үйлдвэрээс л гардаг байв. Хэвлэлтийн шаардлага хангахгүй болсон номнуудаас ганц нэгийг авна. Өвөөгийн эрх хүү байлаа. Зун хөдөө өвөөгөө дагаад төрсөн нутаг Булган аймгийн Гурванбулаг сумаар явна. Хөдөөний амьдралд суралцана. Морь мал унаж, хонь хариулж, аргал түүж, үнээ саах гүү барихад нь тусална. Зундаа бас “Зуун модны лагер”-т хэвлэх үйлдвэрийн ажилчдын зусланд гарна.

За ингэж байтал ардчиллын давалгаа эхэлдэг байгаа. Цогоо ах маань (сэтгүүлч, уран бүтээлч, улс төрч С.Цогтсайхан) нэрд гарч, “Хонх” хамтлагийн дуунуудыг залуучууд сонсох болов. Концерт нь пиг дүүрэн. Үндэсний үзэл сэргэж, Чингис хаан, монголын түүх, соёл, монгол бичиг моодонд орж ирсэн. “Улаан Од” гэдэг сонинд “Чингис хааны 108 хөрөг” гээд зураач Мандир гуайн зургууд цуврал болж гарна. Түүнийг хайчилж аваад цуглуулга хийнэ. Америк, Япон, баруун Европын орнууд бол өлсгөлөн, гуйлгачлал дүүрсэн, империалист, харгис капиталист орнууд гэдэг ойлголттой явсан, гэтэл тийм биш ч болоод явчихав. Баабар гуайн “Бүү март, мартвал сөнөнө” номыг аав нэг өдөр авчирч түүнийг шимтэн уншиж байсан маань санаанд тодхон. Нөгөө “манай багшийн багш, манлай Ленин багш”, хайрт эцэг Сталин, Чойбалсан нар чинь бүтэхгүй нөхдүүд болж таарч ч байх шиг. Ардчилсан хувьсгалын жагсаалууд болж эхлэв. Аав, Цогоо ах нар янз бүрийн аймар юм чухалчлан ярилцана. НАХЯ-нд баривчлагдсан, эвгүйтвэл амь насаа ч алдаж магад гэх мэт. Аав ажлынхаа газар МоАХ-ын салбар зөвлөл байгуулсан гээд ажлаасаа халагдлаа. Нийгэм бага багаар нээлттэй болж эхлэв. Янз бүрийн сонин хэвлэл, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл гарах боллоо. Картын бараанд орж, айл болгон тодорхой нормын хүнс авдаг болов. Алдарт 20-р тогтоол гарах үеийг маш сайн санаж байна. Тэр тогтоолоос хойш юмны үнэ огцом нэмэгдсэн. Нийгмээрээ Бямбасүрэн ерөнхий сайдын тэр шийдвэрийг их л хараасан, дургүйцсэн. Гэхдээ харин бараа бүтээгдэхүүн арай олдоцтой болж ирсэн. Ардчиллын ах нар дандаа элдвээр хэлүүлнэ. Тэдний зарим нь манайд ирдэг, гоё гоё юм ярьдаг, мундаг ах нар байсан. Гэтэл “Зориг цонхоор шээлээ”, “Бат-Үүл тэргүүтэй хулигаанууд зодолдлоо” гэж ирээд л хувьсгалт намын хэвлэлүүд, үзэл суртлын мэдээллүүд зогсоо зайгүй гүтгэнэ. Анги дээр очихоор хувьсгалт намын аав ээжтэй хүүхдүүд ардчиллынхан гэж ирээд л муулна. 3, 4-р ангийн хүүхэд би жаахан хүүхэд гэлтгүй идэвхтэй маргалдаж, ардчиллыг өмөөрнө. Аав нэг өдөр Дэйл Карнегийн “Харилцааны сэтгэл зүй” гэдэг ном авчирч эгч бид хоёрт уншуулсан нь Америкийн талаарх, нээлттэй чөлөөт нийгмийн талаарх анхны гүнзгий сэтгэгдэл үлдээсэн ном байлаа. Мөн хүнтэй харилцах арга дүйн суурь ойлголтыг тэр номноос авсан маань насан туршид дагаж мөрдөх зарчим болсон. Маш олон шинэ үг, ухагдахуунууд Монголын амьдралд нэвтрэв. “Пүүс, компани”, “менежер”, “дүүрэг”, “хувьчлал”, “компьютер”, “инфляци” гэх мэт. Нийгэм тэр чигээрээ шинэ үзэгдэл, юмс, ухагдахуунаар донсолж байсан. Ардчилал маш их боломж, ирээдүйтэй хамт ирж байгаа сэтгэгдэл төрж байлаа. Манай улс удахгүй “Азийн бас нэг бар” орон болно гэх итгэл, найдвар. Япончууд, европын орнууд, америкийн тусламж Монголд орж ирнэ. Английн хөрөнгө оруулалттай бэлэн хувцасны үйлдвэр ажиллаж эхэллээ гэж шуугиад л… Хажуугаар нь үзмэрч Дашцэрэн, Ромбу гариг, 90 саяын Гансүх гээд л янз бүрийн сенсаац хөвөрнө. Каблийн телевиз гарч, маш олон сувгаар гадаадын мэдээлэл авдаг болов. МТВ гээд хөгжмийн сувгийг залуучууд шүтэж үздэг байлаа.

“Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ой гэж нэг хэсэг бужигнасан тэр жилийг санаж байна. Чингис хаан, монгол баатрууд гээд өвчилсөн байсан би яаж зүгээр суухав, ангийнхаа найзуудтай ханын сонин хийлээ. Чингис хааны зураг олддоггүй. Хайж хайж, нэг хүүхэд хаа нэгтээгээс сураг гаргалаа. Нөгөөхийг калькан цаасан дээр дуурайж зураад иржээ. Ингэж нэг ханын сонин маань гол хүнийхээ зурагтай болж авч билээ. За тэгээд хадах гэтэл багш маань дээр нь заавал “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн!” гэж бич гээд. Тэр үед ямарваа ханын сонин дээрээ заавал энэ уриаг бичих ёстой байлаа. “Ардчиллын гэр бүлийн” эсэргүү хүүхэд би үүнээс болж багштайгаа маргалдаж, багш намайг загнуулахаар хичээлийн эрхлэгч рүү дагуулж орж билээ. “Ардчилал” хүүхэд насанд минь ирээдүйн сайн сайхан болж, хүсэл мөрөөдөл болж над дээр ирсэн. Барууны чөлөөт нийгэм рүү тэмүүлэх тэмүүлэл, үндэсний тусгаар тогтнол, үүх түүхээрээ бахархах үзэл хоёр ардчилсан хувьсгалтай хамт ой тойнд минь үнэт зүйл болж бат суусан юм. Энэ итгэл үнэмшил, үнэт зүйл насанд хүрсэн хойно ч өөрчлөгдсөнгүй. Улам батжив. Миний бүхий л амьдралын зорилго, утга учир бол эрх чөлөөт, ардчилсан, хөгжингүй Монгол орныг бүтээн байгуулах, түүний суурийг тавилцах, парламентийн ардчиллыг хамгаалах, алдаа гажуудал гарвал засч залруулах, түүний төлөө тэмцэх явдал гэж боддог. Амьдралын зорилго, тэмүүллийг минь тодорхойлж өгсөн бага насаа дурсахад ийм байна.