Би 7-р ангиа төгстлөө 33-р сургуульд суралцаж байгаад 8-р ангиасаа 1-р сургуулийн тооны сонгон руу шилжин суралцсан. Эхний үед газар газраас шилэгдэж ирсэн “математикчдыг” гүйцэхгүй, сурлагын хувьд тааруухан байлаа. Ангийнхныгаа гүйцэхийн тулд хэн бүхнээс илүү өөрийгөө дайчилж, хичээллэх болсон билээ. Ингэсээр үр дүн гарч, дүн сайжран, зарим хичээлийн олимпиадад хүртэл оролцох болсон юм. Физикийн болон мэдээлэл зүйн хотын олимпиадад 2, 3-р байрууд эзэлж, улсын математикийн олимпиадад бэлдэх багт орох болсон. Төгсөх жилээ мэдээлэл зүйн улсын олимпиадад 3-р байр эзлэн бүх хичээл дээрээ “онц” дүнтэй төгсөв. Өөртөө итгэлтэй болсон би дотоодын их дээд сургуульд асуудалгүй орно гэдэг бодолтой, МУИС-ын Эдийн засгийн факультетэд орохоор шалгалт өгсөн маань харин төсөөлөөгүй үр дүн гарч уначихдаг байгаа. Энэ явдал надад маш том цохилт, сургамж болсон юм. Ээжийн  “чи онгирч онгирч хамгийн чухал юман дээрээ уначихсан, хэрэг алга …” гэх үг зүрх зүснэ. Зунжингаа сэтгэлээр унасан байдалтай явсан. Ямартай ч олимпиадын амжилтаараа МУИС-ын програм хангамжийн ангид орох урилгатай байсан тул түүндээ оров. Харин өөртөө бол “заавал гадагшаа явж сурна” гэж шийдсэн билээ. 1-р курстээ англи хэл нэлээд шахуу үзэж, биеэ бэлдэж байтал Японы засгийн газрын тэтгэлэг буюу Монбушогийн шалгалт болж, түүнд тэнцэв. Тэр үедээ амьдралын маш том үйл явдал, амжилт байлаа. “Хүн эцсийн том тулалдаанд ялахын тулд олон жижиг ялагдал хүлээдэг” гэсэн ишлэл орой руу орно. Хэрвээ би МУИС-ийн Эдийн засгийн ангид тэнцсэн бол Японы шалтгалтанд тэнцэхгүй байсан болов уу.

Ингээд 19 насандаа Японы Осака хотын гадаад хэлний дээд сургуульд хэлний бэлтгэлд нэг жил сурч, дараа нь “Киото их сургууль”-д элсэн орсон. Киотогийн их сургууль бол Японы топ сургууль. Токиогийн их сургууль, Киотогийн их сургууль нь төгсөгчид, Нобелийн шагналтныхаа тоогоор өрсөлддөг. Тэдний дийлэнх төгсөгчид нь сургуулиа төгсөөд Японы төрийн байгууллагад өндөр албан тушаал хашиж, эсвэл том бизнесийн байгууллагуудад ажилладаг. Киото хот бол Японы эртний нийслэл, сүм хийд, түүх дурсгалын газар олонтой хот. Монголдоо ч тэр, Японд очоод ч тэр, нийгмийн идэвхтэй оюутан байлаа. МУИС-т “Эв нэгдэл – оюутны хөдөлгөөн” гэж байгуулж, түүнийхээ анхны тэргүүн болж байв. Харин Японд оюутан байхдаа их дээд сургуулиудын хоршоолол буюу “University Coop”  гэдэг байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг байв. Их дээд сургуулийн орчин дахь бүх худалдаа, үйлчилгээг хангадаг, тухайн кампуст харъяатай хэн бүхэн гишүүнчлэлийн хураамж төлсөн хуримтлалаар үйл ажиллагаагаа санхүүжүүлдэг бизнесийн шинж чанартай хамтын удирдлагын байгууллага юм. Зөвлөлд байхдаа гадаад оюутнуудын эрх ашгийг хамгаалах, тэдний онцлог, соёл зан заншилд тааруулах ажлуудыг санаачилж, хэрэгжүүлнэ. Жишээ нь, лалын шашинтай оюутнууд гахайн мах идэхгүй учир гуанзанд гахайн махыг ялгах зураг оруулах жишээний. Ингэж явсаар сүүлдээ Бүх Японы “University Coop”-ын гадаад оюутны зөвлөлийн дарга болж, 2 жил ажилласан. Тэр ажлаараа байсгээд л Токио руу хурал зөвлөгөөн гэж явна, томоохон чуулга уулзалтууд дээр гадаад оюутны нэтвөркөө төлөөлж оролцоно, илтгэл тавина.

Би Японд хэлний бэлтгэлд нэг жил, бакалавраар 4 жил, магистраар 2 жил сурсан. “Төрийн санхүү”-ийн чиглэлээр үргэлжлүүлээд докторын түвшинд суралцахаар төлөвлөв. Гэтэл Японд докторын түвшинд сурна гэдэг нь эрдмийн мөр хөөж, эрдэмтэн судлаач болох л зам юм билээ. Гэтэл манайд бол доктор гэхээр цол тэмдэг шиг, давуу тал шиг харагдах гээд байдаг хандлага бий. Ингэж судлаач болж амьдрахын төлөө дөрөв, таван жил сурна гэдэг дэндүү хайран, дэндүү утгагүй санагдсан. Тиймээс сургуулиа төгсмөгцөө Японы “Софтбанк” группт ажилд орсон.  Манай компанийн эзэн Сон Масаёоши нь японы хамгийн баян, технологийн хүн. Америкаар бол түүнийг Билл Гейтстэй жишиж болно. Захирал маань дандаа шинэ зүйлс, ирээдүй рүү чиглэсэн юм ярьдаг, тийм хөрөнгө оруулалт, бизнес хийдэг. Өвөрмөц ч гэх юм уу, гажиг ч гэх юм уу, их онцгой, олон нийтийн анхаарлын төвд байдаг, зоригтой хүн. Би өөрийгөө их азтай гэж боддог. Намайг ажилд орох үед манай компани нэг дор 2700 шинэ ажилтан авсан. Сайн сургууль төгссөн гэдэг утгаараа компанийнхаа Бизнес төлөвлөлтийн хэлтэст хуваарилагдсан. Миний гүйцэтгэх үүрэг нь төсвийг боловсруулж гарган, хянаад, сар болгон шинэчлэлт хийнэ. Сар болгон компанийнхаа ТУЗ-ын хурлаар өнгөрсөн сарын гүйцэтгэл, энэ сарын төлөвлөгөө, энэ жилийн төлөвлөгөө, ирэх 10 жилийн төлөвлөгөөг танилцуулж шинэчлэлт хийх байв. Компанид ажилласан 5 жилийн хугацаандаа Токиод амьдарсан. Тэр үед би өөрийнхөө мэдлэг, ур чадварыг эх орондоо зориулж чадахгүй байгаадаа харамсдаг байлаа. Тиймээс ч 30 насны босгон дээр Монгол руу буцах шийдвэрийг гаргаж, эх орондоо ирсэн юм.

Би оюутан байх үедээ эхнэртэйгээ танилцаж, үерхэж байгаад сургуулиа төгсөх жил бид хоёр гэрлэсэн. Эхнэртэйгээ гэрлээд яг 20 жил болж байна. Бид анх үерхэж байхдаа Монголд дагуулж ирсэн чинь өвөө маань “Миний хүү, гадаад хүнтэй битгий суугаарай. Гадаад эхнэр насны эцэст эх орон руугаа яваад өгдөг шүү” гэж хэлж билээ. Тухайн үед хуучны Монголын удирдагч нар Орос эхнэртэй болох нь элбэг байсан.  Хожим нь өвөөгийн маань бие муудаад, би Японоос яаралтай Монголд ирсэн. Тэр үед өвөө маань надад “Миний хүү тэр бүсгүйтэйгээ суугаарай. Сайн охин байна лээ. Өмнө хэлж байсныг минь битгий тоогоорой. Өөрөө шийдээрэй” гэж хэлж байсан. Ингэж л өвөөтэйгөө хамгийн сүүлийн удаа уулзаж билээ. Үерхэж байхдаа эхнэрээсээ “Би чамтай гэрлэх бодолтой байна. Гэхдээ би Монгол руугаа буцаж, тэнд амьдрана. Чи намайг дагаад явж чадах уу? гэж асуусан юм. Тэгэхэд  “Би чамайг дагаад хаашаа ч хамаагүй явна” гэж хариулсан. Тэгээд нэг өдөр би түүндээ гэрлэх санал тавьсан. Биднийг үерхэж байх үед би оюутан байсан болохоор хоол хийх, хувцсаа угаах гээд бүх юмаа өөрөө зохицуулдаг байсан. Харин манай хүн гэрийн ажил хийж ер хийж үзээгүй байсан. “Чи гэртээ юм хийдэггүй юм уу?” гэхээр “Үгүй ээ, ээж хийдэг” л гэнэ. Тэгээд бид хоёр Японд хуримаа хийгээд нэг гэрт амьдарч эхэлсэн. Тэгсэн эхнэр маань “Гэрийн эзэгтэй” гэх сэтгүүл, интернэт вэбсайт дээрх мэдээллүүд, “Яаж сайн ээж, эхнэр байх уу?” гэх мэт олон төрлийн ном, сайт, сэтгүүл уншиж, хэрэгжүүлж, нэг мэдэхэд гоё хоол хийдэг, юм юмаа амжуулсан гэрийн сайн эзэгтэй болчихсон байсан. Харин би эсрэгээрээ гэрийнхээ угаалгын машин яаж ажиллуулахыг мэдэхгүй хүн болчихсон байж билээ. Япончууд хүүхдүүдийнхээ хүүхэд насыг хулгайлахгүй, хүүхэд тоглож байх ёстой, хүүхэд хүүхдээрээ байх ёстой гэсэн байдлаар өсгөдөг. Ээжүүд нь хүүхдээ тоглуулах, хөгжүүлэх зүйлст нь цагийг зарцуулна, гэр орны ажилд оролцуулдаггүй. Гэтэл Монголд бол өөр шүү дээ.

Хүмүүс гаднын хоёр өөр соёлтой хүмүүс таарч тохирдоггүй гэлцдэг. Бодит байдал дээр “энэ ч бараг өөр дөө, ойлгохгүй байх даа”  гээд аль аль нь бодчихдог учраас бие биенээ сайн ойлгодог. Харин ижил соёлтой хүмүүс бие биенээ ойлгоно гэж бодоод байдаг. Гэтэл ялгаагүй л өөр соёлтой, өөр орчинд өссөн хүмүүс байдаг.  Тэгээд нэгнийгээ мэдэж байгаа гэж бодоод, бие биенийгээ хүлээн зөвшөөрдөггүй. Гадаад хүмүүс гэр бүл болоод л бие биенээ илүүтэй ойлгож эхэлдэг юм шиг санагддаг. Нэг хэсэг бид хоёр хамт орой бүр уран зохиолын ном уншдаг байлаа. Хамтдаа нэг үнэт зүйлтэй байна гэдэг их чухал юм байна лээ. Манай хүүхдүүд харьцангуй гэр бүлийн гоё орчинд өсдөг гэж боддог. Гэрт маань ямар ч хэрүүл байхгүй. Хааяадаа үл ойлголцол гарсан ч хурдан буулт хийгээд эвлэрчихдэг. Бид хуримаа Японд, хоёр улсынхаа ёс заншлыг нэгтгэж хийсэн. Хурим хийхэд эхнэр маань хоёр л зүйлд мөнгийг харамгүй зарцуулсны нэг нь зурагчин. Хуримын өдрөөс зураг л үлдэх учраас. Хоёр дахь нь хуримын даашинз. Японд хуримын даашинзыг худалдаж авна гэсэн ойлголт огт байхгүй. Миний эхнэрийн өмссөн даашинз нэг өдрийн түрээс нь 3000 доллар байсан. Одоо эргээд харахад нээрээ зураг л яалт ч үгүй үлддэг юм байна. Хадам ээж маань “танамүёо” буюу “гуйлаа шүү чамд” гэсээр охиноо надад даатгаад, нүдэндээ нулимстай үлдсэн. Ингэж би Япон гэдэг орноос дээд боловсролоор дамжуулан үзэл бодол, мэдлэг, итгэл үнэмшлийг, цаашлаад амьдралынхаа ханийг олж авсан билээ.