Их сургуулиа төгсөөд би Японы Софтбанк группийн бизнес төлөвлөлтийн хэлтэст орж ажил хөдөлмөрийнхөө гарааг эхлүүлсэн. 10 мянга гаруй ажилтантай Япондоо нэр алдартай компаниас орчин үеийн бизнесийн байгууллага ямар бүтцээр, ямар дүрэм журам, системээр ажилладагийг сурч мэдсэн. Намайг ажиллах хугацаанд интернэтийн бродбанд үйлчилгээний YahooBB бизнест Ситибанктай хамтран 1 тэрбум ам.долларын санхүүжилт босгох, гар утасны Vodafone Japan операторыг худалдан авч Softbank брэнд болгон өөрчлөн байгуулах том том төслүүдийн ажлын хэсэгт орж ажиллах завшаан тохиож билээ. Төсөв барьдаг байсан учраас дандаа газар, хэлтсийн даргаас дээш албан тушаалын хүмүүстэй харьцдаг, ажил маань ч маш сонирхолтой байсан. Хэдий гэр бүл зохиож, ажилдаа ч туршлагажин, бүх юм сайхан явж байсан ч, анх Японд ирэхдээ 30 настайдаа буцна гэж бодож байсныхаа дагуу, төлөвлөсөн цаг хугацаандаа эх орондоо буцаж ирсэн. Ирээд Японоос хөрөнгө оруулалт татах зорилготой компани байгуулсан маань тэрүүхэндээ амжилттай ажиллаж, Японы Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын байгууллага буюу JETRO-гийн Монгол дахь төлөөлөгчийн газар болж байлаа. 2013 онд хамаатны ах маань надад Хишиг Арвин Индустриал ХХК-д ажиллах санал тавьсан. Тэр үед Хишиг Арвин 300-аад ажилтантай, Эрдэнэс Таван Толгойн Баруун цанхийн уурхайн хамгийн анхны тендерт ялаад, уурхай нээх хагас жилийн хугацаатай ажил авсан байсан. Манай компани техникийн тодорхой бааз, хүчин чадалтай (Бороо гоулд, Саусгоби сэндс, Оюутолгойн нисэх буудлын гэх мэт ажлуудад туслан гүйцэтгэгчээр ажиллаж, өсч дэвжиж байсан компани) хүнд машин механизмын оператор, жолооч, засвар механикийн маш чадварлаг баг бүрэлдэхүүнтэй, түүгээрээ ч тодорхой нэр хүндтэй болсон байсан. Харин уулын болон төлөвлөлтийн, аюулгүй ажиллагааны гэх мэт инженер, техникийн ажилчдын боловсон хүчин бүрдээгүй, менежментийн түвшинд хөгжөөгүй, менежмент нь гэр бүлийн маягаар явагддаг байсан. Баруун цанхийн ажил эхлэх үед менежментийн болон инженер техникийн ажлуудаа хийлгэхээр MNO гэдэг компанитай “Менежментийн гэрээ” байгуулж байсан. Энэ гэрээг яаж байгуулахаас миний ажил эхэлсэн гэж хэлж болно. Ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн би ИТА болон менежментийн багийг бүрдүүлэхээр бүтэц, зохион байгуулалт зурж, залуучуудаа хөгжүүлэх програм хэрэгжүүлсэн. Ингээд жилийн дотор уул уурхайн инженерийн зэгсэн боловсон хүчинтэй болж, өөр бусад компаниас туслалцаа авах шаардлагагүй болсон. Намайг Баруун цанхийн төслийг удирдаж эхлэх үед манай захиалагч болох төрийн өмчит Эрдэнэс Таван-толгой компани Хятадын Чалкод 350 сая долларын өртэй, Монголын бүх арилжааны банкууд болон Хөгжлийн банкинд их хэмжээний өртэй, ханшийн алдагдал бичигддэг, олон улсын зах зээлд нүүрсний үнэ унаснаас болоод борлуулалт муудсан, олборлоод зарах тусмаа алдагдал хүлээх болсон маш хүнд нөхцөлд орсон байсан. Хишиг Арвин маань тухайн үеийн ханшаас 3 дахин хямд үнээр найдвартай олборлолт явуулж байсны хүчинд ЭТТ дампууралгүй босч ирсэн гэж хэлж болно. 2016 оны сүүлийн хагасаас нүүрсний үнэ ч буцаж сэргэн, 2018, 2019 он гэхэд ЭТТ бүх өрөө дарж дуусгасан билээ. Жилдээ 1 их наядын цэвэр ашигтай, нүүрсний экспортоор Монголд хамгийн том компани болоход нь Хишиг Арвин компани маш их үүрэг гүйцэтгэсэн. Компани маань ч өргөжин томорч, автозамын болон барилгын, Оюутолгойн далд уурхайн (Thiess Khishig Arvin JV компани маань далд уурхайн налуу амны төсөлд ажилласан) гэх мэт олон төсөлд ажилласан бөгөөд 3500 ажилтантай болж, гэрээт гүйцэтгэгч буюу оператор компанийн хувьд салбартаа хамгийн том нь болсон. 2021 оны хавар Ардчилсан намын даргын сунгаанд оролцох зэргээр миний хувьд улс төрд гүн оролцох болсон үеэс компанийн ажлуудаас бага багаар хөндийрч, “Зөвлөх” албан тушаал дээр ажиллаж байгаад, “Эрдэнэбатхаан солюшн ХХК” зэрэг охин компанийг удирдан ажиллах болсон билээ.

“Хишиг Арвин” компанид ерөнхий менежерээр ажилд орсон. Тэр үед “Хишиг Арвин” 300 орчим ажилтантай, жилийн 20 орчим тэрбумын борлуулалттай компани байсан. Японы томоохон компанид ажиллаж байсан туршлагаа тодорхой хэмжээгээр нэвтрүүлсэн. “ Эрдэнэс таван толгой ” компани 2013 оны үед дампуурлын эрмэг дээр ирсэн байсан. Яагаад гэвэл нүүрсний үнэ унасан, Монголын арилжааны банкнуудад асар их хэмжээний өр зээл тавьж, долларын ханш унах тусам нэг бол өгсөх тусам алдагдал хүлээдэг, нүүрсний үнэ унасан учраас борлуулалт ашиг хийж чадахгүй болохоор өрөө дарж чадахгүй хүнд байдалд орсон. Яагаад гэвэл олборлолт хийх чадвартай Монгол компани байгаагүй, өндөр чадалтай машин техник байхгүй учраас “ Эрдэнэс таван толгойн” анхны гэрээ байгуулсан нь Австралийн компани байсан. Энэ нь маш өндөр өртөгтэй, үйл ажиллагаа явуулах зардал нь манай компанийн өгсөн саналаас 4 дахин үнэтэй, нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унасан байхад олборлох зардал нь асар үнэтэй нүүрсээ олборлож чадахгүй зарж чадахгүй нөхцөл байдалтай нь дээр “Чалко”-гоос 350 сая ам.долларын зээл манай Монгол улсын засгийн газар урьдчилгаа гэж зээлж аваад хүний хөгжлийн мөнгө гээд сонгуулийн амлалтаар тараасан ийм нөхцөл байдалтай байсан. Дотоодын компани дотроо тендер зарлаад тэндээс манай компани шалгараад нүүрс олборлолтыг “Хишиг Арвин” компани Австралийн өмнөх компаниас 4 дахин бага маш хямдаар ажиллаж эхэлсэн. 10 гаруй жил уул уурхай, зам, барилга гээд бүтээн байгуулалтын төслүүдтэй ноцолдох явцад компани маань өргөжиж, 3500 ажилтантай,1000 гаруй техниктэй Монголын томоохон компаниудын нэг болсон. Гэхдээ хэтэрхий ойр ойрхон тендер зарлаад үнэ нь унаад байхаар сүүлдээ “ Эрдэнэс таван толгойд ” өгсөн ажил үйлчилгээний үнэ маань бодит зардлаасаа их болоод алдагдалтай болж, компани томрох тусам улс төрийн дарамтад их өртөж байсан.Энэ хугацаанд миний бахархаж байгаа зүйл бол “Эрдэнэс таван толгой” гэдэг Монголын эдийн засаг хаашаа яаж эргэхэд шууд хувь нэмэр оруулдаг энэ том төслийг амжилттай явуулахад хувийн хэвшил талаас удирдаж ажиллаж байсан. 2014 оноос эхлэн “ Эрдэнэс таван толгой “ дотооддоо хамгийн том нүүрс экспортлогч компани болсон. 2017 оноос Хөгжлийн Банк арилжааны банкнуудын бүх зээл болон “ Чалко “ -гийн өрийг төлж дуусгаад өргүй компани болсон. 2019, 2020 онуудад жилдээ 1 их наяд орчим цэвэр ашигтай ажилласан. Энэ болгоны ард хувийн хэвшлийн манайх шиг компаниудын хувь нэмэр маш их учир нь бага зардлаар ажлыг найдвартай хийж байсан. Барилгын төсөл, замын төсөл Оюу толгой, Ханбогдыг холбосон 36 км зам барих ажлыг удирдаж байлаа. Тухайн үед “ Хишиг Арвин “ компанид миний хийж байсан гэрээний эх, дүрэм журам, үг үсэггүй одоо хүртэл маш олон компанид хэрэглэгдээд явж байгааг харахад Монголын бизнесийн салбарт хувь нэмрээ оруулжээ гэж хардаг. Компанид ажиллангаа. дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, НИТX-д гээд сонгуульд алба хашиж ирсэн.
